Дурсамж сэргээж, сэтгэл баясгасан “Инээмсэглэл”

2013/05/17

Соёлын төв өргөөнд тавь эргэм насны голдуу хүмүүс нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар суудлаа эзэлнэ. Тоглолт эхлэхээс цаг гаруйн өмнө үзэгчдийн зарим нь цуглаж, хүсэн хүлээсэн сэтгэлээ илэрхийлэн үе, үехэн алга ташина. Танилуудтайгаа таарсан нэг нь уулга алдан мэндчилж, хамт олноороо яваа нь яриа дэлгэн залуу насаа дурсаж байлаа. Энэ бүх дурсамж, хүлээсэн сэтгэл, халуун яриаг таслан танхимын гэрэл унтарлаа. Бөмбөр нижигнэж, “Атраас ирсэн комбайнч залуу амжилт сайн уу, Аварга малчин саалийн эзэн бүсгүй сайн уу” гэж хэзээний танил хоолой сонсдож, “Инээмсэглэл 33.1/3” тоглолт эхлэж буй нь энэ. “Залуусын уулзалтын дуу”-г Р.Энхбазар зохиосон юм билээ. “Инээмсэглэл”-ийнхэн энэ дуугаар залууст анхны монгол диско аялгууг сонсгохын зэрэгцээ урлагийн томчуудаас өндөр үнэлгээ авч, магтуулж явснаа дурсах дуртай. Хүлээсэн сэтгэл, тэгээд чанга хөгжим, цоглог дуу. Тоглолт эхлүүтээ л үзэгчдийн сэтгэлийг хөвсөлзүүлж, толгойноос хөл, хөлөөс толгой хүртэл “нэг юм гүйлгэж”, цэнэглэх шиг болов. Эхний дууны дараагаар залган

“Аз жаргалтай мишээлээрээ найр тавин урья

Амжилт бүтээлийн дээдээрээ бэлэг барин угтъя

Эвийн халуун сэтгэлээ өвөрлөж ирээрэй

Эрхэм таныг урьж байна манайд ирээрэй” хэмээнүргэлжлүүлсэн. Зай талбай байдагсан бол гараад бүжиглэчихмээр сэтгэлийг хөдөлж байв. Тоглолтоо Ч.Ганболд, Г.Пүрэвдорж нар даруулт хөгжимтэй, Д.Цогдэлгэр бөмбөртэй, П.Батчимэг аргил гитартай, Н.Ганхуяг, Б.Долгион гитартай эхлүүлсэн юм. “Битлз” стилиэр эрчүүд нь хар хослолоор ижилсэж, ганц бүсгүй нь цагаан хүрмээр гоёжээ.

Тоглолтыг нээж, Б.Долгион үе тэнгийн найзуудтайгаа мэндчилэв.

Сандруу хөтлөгч Б.Долгион

Энэ удаагийн тоглолтыг хөтлөх үүргийг тэрбээр хүлээсэн бололтой. Дуу бүрийн дараа бусдаас өрсөн “Би ярих уу” гээд л хөгжилтэй дурсамжаасаа хуваалцана. “Мундаг хоёрдугаар хоолой” хэмээн П.Батчимэг ах түүнийг магтаж байсныг саналаа. 1980-аад оны эхээр “Инээмсэглэл”-ийнхэн сансрын нисгэгч шиг хувцаслаж, телевизийн нэвтрүүлэгт орж, багагүй шуугиан дэгдээж байсныг дурсаад “Булгийн уснаа”, “Орчлон дэлхийдээ бид жаргалтай” дууг Н.Ганхуяг, “Киви” хамтлагтай дуулав. Б.Долгион ах “Би энэ дууг зохиогоод 417 төгрөгөөр шагнуулж байсан юм. Л.Мөрдорж гуай духан дээр минь үнсэж, магтаад урлагийн тогоонд намайг эргэлт буцалтгүй оруулчихсан даа” хэмээн ярьж дараагийн дуугаа эхлүүлэв. “Урин хавар”, “Энх өглөө”-гийн дараа тэрбээр дахиад л ярьж эхлэв. “Би энэ дууны үгийг нь мэддэггүй юм. Эхлээд дуустал нь хоёрхон үг 30 жил хэлж явна. Тэр нь ч их хэрэг болно оо” гэтэл, Ч.Ганболд ах яриаг нь таслан “Долгион, чи сандраад байх шиг байна, би ярья. Одоо Н.Ганхуягийн хөгжим, Л.Түдэвийн 18 настайдаа бичсэн “Ертөнцийн чимэг”-ийг дуулах ёстой” хэмээн залруулав. Дараа нь мэдээж Б.Долгион ахын хоёр үгийг нь л мэддэг “Бүсгүйчүүд” эгшиглэсэн. Цэнгээнт бүжгийн хамтлагийн долоон хос тоглолтын танхимаар явж, үзэгчдийг бүжгэнд урьж, бүжиглэх талбайгүй хэсэгт суугаа заримынх нь “хорхойг” хөдөлгөсөн.

Олон хоолойн нэгдэл

Гитар тоглодог хүн болгоны анхлан сурдаг “Алив найзуудаа гитаараа барьцгаая” дууг Ч.Ганболд ах зохиосон юм. Тэрбээр нэг их олон дуу зохиож байгаагүй учраас хамтлагийнхан нь “часхийсэн ганц дуутай” хэмээн онцолдог юм билээ. Энэ дууны эхлэл нь үнэхээр сонсголонтой. Эмэгтэй, эрэгтэй нийлсэн олон хоолойн гайхалтай нэгдэлийг эл дуунаас сонсож болно. Хэн нь гоцолж байгаа нь мэдэгдэхгүй хэрнээ чуулбар нь хэний ч мэдэхгүй содон өнгө гаргах нь гайхалтай.

Хувийн хоршооны Бурмаад Ч.Ганболдоос...

Тайзаа орхиод 25 жил болсон дуучин Ч.Ганболд энэ тоглолтод сэтгэл гарган бэлдсэнээ тайлбарлаад, худалдааны ажилтанд зориулсан “Хөөрхөн Бурмаа” дуугаа дууллаа. Авьяас байгалиас заяадаг гэдгийн нотолгоо нь энэ буюу. Радиогоор л сонсож байсан цээл хоолойг энд амьдаар нь сонсох завшаан зөвхөн энэ өдрүүдэд нь тохиосон байх. Урлагийн хүн байхаа болиод бизнесийн салбарт амжилттай хүч сорьж яваа түүнийг дахин ингэж дуулуулах боломж олдох болов уу “Арван жилийн дараа ардын хоршоо байхгүй болсон, хорин жилийн дараа улсын хоршоо ч үгүй болсон. Харин хувийн хоршооны хөөрхөн Бурмаа нартаа энэ дууг зориуллаа” гэж тэрбээр үзэгчдийг инээлгэж амжлаа.

Бид мартахгүй

Тэдний эгнээнээс хорвоог орхисон ганц анд нь Б.Бадрууган. Түүний өвөрмөц хоолой, хошин зан аргагүй үгүйлэгдэж байсныг нуух хэрэггүй байх. Аавын сайн хүү Б.Наранзун хамтлаг бүхэн “Инээмсэглэл” гэдэг нэртэй байх ёстой гэж багадаа бодож явдаг байсан гэсэн. Тиймдээ ч оюутан болоод хамтлаг байгуулахдаа “Инээмсэглэл”-тэй ойртуулан “Мишээл” гэж нэрлэсэн юм билээ. Наниа Р.Оюундэлгэр эгчтэй хамтран “Хайрын дурсамж” дууг нь дуулж, дунд нь дэлгэцээр Б.Бадрууган агсны дуулж байсан үеийн бичлэгийг сонсгосон нь түүнийг үгүйлсэн үзэгчдийн сэтгэлд барьсан бэлэг гэлтэй. Энэ дууны дараа Ч.Ганболд ах үзэгчдийн танхимын төв хаалгаар микрофон барьсаар орж ирлээ. Үзэгчидтэйгээ хоолой нийлүүлэн “Дэлхий ээж”-ийг дуулахаар шийдсэн аж. Дэлгэцээр “Дэлхий ээж” дууны үгийг гаргаж байсан ч монгол хүн бүр тэр “шипигүйгээр” энэ дууг цээжээр мэддэг учраас хэрэг болсонгүй.

Гоё хоолойтой юм аа

Тоглолтын дунд үе хүртэл Р.Оюундэлгэр эгчийг дуулахгүй болохоор нь их л гайхаж байлаа. Магадгүй дуулахгүй өнгөрчих юм биш биз ч гэж хардсан. Харин тэрбээр Н.Ганхуяг ахтай “Хослон дуулъя”-гаараа эргэлзээг үгүй хийв. Түүний дуу хоолой хүсэн, хүлээж суусан үзэгчид харамгүй алга ташилтаар хэдэнтээ дахиулан байж санаа нь амарсан байх. Хамтлагийнхан ч “Манай Оюунаа гоё хоолойтой байгаа биз” гэж бахархаж байлаа. “Инээмсэглэл 33. 1/3” тоглолт хамтлагийнхан болоод үзэгчдийн сэтгэлийн хөдлөлд хөтлөгдсөн жинхэнэ амьд болж чадсан. Бяцхан сандрал, гэнэтийн бэлэг, сэтгэл гаргасан бэлтгэл нь энэ бүхний чимэг нь. Эднийхэн бүгдээрээ л хэлний өндөр мэдлэгтэй. Тиймээс гадаад дуугаар 1970-1980-аад оны залуусыг байлдан дагуулж явсан. Р.Оюундэлгэр эгч ч гэсэн ихэвчлэн англи дуу дуулдаг байсан юм билээ. Тухайн үед дуулах хориотой байсан дууг уран мэхээрээ хүмүүст хүргэдэг байсан тухай Б.Долгион ах ярьсан. “Хар арьстай бүсгүйд цагаан арьстай залуу дурлав. Залуугийн гэр бүлийнхэн тэдний харилцааг хориглож, энэ бүхэнд бүсгүй шаналан дуулна” гэх мэтээр тайлбарлаж дуугаа дуулдаг байсан юм билээ. Тэд энэ удаа “Bee gees” хамтлаг, Стив Уандерын дуунаас сонордуулсан.

Хориотой дуу

Эд материалын шинж чанартай хэмээн хориглосон “Алтан хавчаар”, хэтэрхий задгай үгтэй гэгдэх “Бид цас ороход дуртай” дууны гуравдугаар бадгийг тэд энэ үдэш эрх чөлөөтэй дуулсан юм. “Хайртай гэдэг үгээ чамд зориглон хэлэхээр бор дарс уусан” гэсэн утгатай болохоор нь “Бид цас ороход дуртай” дууны гуравдугаар бадгийг дуулдаггүй байсан юм билээ. Харин “Алтан хавчаар” дууг Б.Долгион цэргээс ирэхдээ “авчирсан” гэнэ. Батсайхан гэдэг хүний үг аяаар бүтсэн дуу аж. Анх Ч.Ганболд дуулж байсан ч олонд “Хонх” хамтлагийн дуулснаар алдаршсан юм билээ.

Түүнчлэн Д.Цогдэлгэрийн “Асгын чулуу” их утга учиртай дуу. Уулын чулууны тухай дуулж байгаа юм шиг хэрнээ залуусыг ардчилалд уриалсан далд утгатай гэсэн. Магадгүй энэ нь тухайн үеийн дарга нарт “баригдсан” бол хориулах байсан байх. “Энэтхэг хүү”-ийн их олон сайхан дууг манайхан дуулах дуртай байдаг. Тиймээс дахиулахын тулд алга ташсаар өөрөөр нь “Зүрхний үг”-ийг нь дуулуулчихсан.

Г.Пүрэвдоржийн “Улаанбаатарын үдэш”, “Нандин эрдэнэ” үзэгчдийг уяруулж, нам гүм болгов. Тоглолтын төгсгөлд саяхан мэндэлсэн Б.Долгионы “Өөдрөг сэтгэл” дууг хамтлагийнхан дууллаа. Өөдрөг сэтгэлтэй явбал амьдрал сайхан байдгийг өгүүлсэн тэр бүтээл тэдний эрх чөлөөний дуулал. Хаагдмал нийгмийг уран бүтээлээрээ ялан гарах гэсэн зорилго нь хэдийнэ биелж, хүссэнээ дуулж болдог шинэ цагт өөдрөг яваа тэдний сайхан хоолой үргэлж эгшиглэж яваг.

Эрч хүчтэй эхэлж, намуухан төгсөх тэдний тоглолт үзэгчдийг цатгаж чадсан гэдэгт итэгэлтэй байна.

“Инээмсэглэл”-ийнхэн цомог гаргаж, тоглолт хийх хүртэлх бүхий л ажлыг нь зохион байгуулж, ивээн тэтгэсэн “Төгөлдөр” сангийн тэргүүн Х.Отгонтуяад гарын бэлэг, дурсгалын зураг гардуулсан. Уг нь хатагтай Х.Отгонтуяа энэ өдөр биш маргааш нь тоглолт үзэхээр төлөвлөж байсан юм билээ. Гэсэн ч санаа нь зовниод тайван байж чадахгүй байсан учраас хүрээд ирсэн гэсэн. Бүх юм төгс төгөлдөр байсан болохоор тэр сэтгэл хангалуун буцсан байх. Тоглолтын танхимд урлаг соёлын алдартнууд ч гэсэн байсан. Лав л поп хатагтай Б.Сарантуяа тоглолт тарсны дараа төв хаалганы гадна талд зогсож харагдсан. Тоглолтын өмнөхөн Б.Цогдэлгэр ахтай уулзахад Н.Ганхуяг, Б.Сарантуяа нарын дуулдаг “Чиний үгүйд” ”дууг энэ тоглолтдоо багтаахыг хүсэж байна гэж ярьсан. Харин Д.Цогдэлгэр ахын дууг дахиулсаар энэ дуунд хүрч Н.Ганхуяг ганцаараа дуулсан. Гэхдээ Сараа эгч үзэгчидтэй хоолой нийлүүлэн түүний дууг түрсэн нь лавтай. Тоглолтын дараа СТӨ-ний үүдэнд хэсэг бүлгээрээ нийлсэн найзууд, инээмсэглэн ярилцана. Сайхан дуу сонсож дурсамжаа сэргээсэн болохоор тэд энэ үдшийг зүгээр өнгөрүүлэхгүй нь лавтай.