Ерөнхий сайдын гэргий Х.Отгонтуяа сонгодог урлагийг дэмжихээр шийджээ

2013/05/16

Ерөнхий сайд Сү.Батболдын гэргий Х.Отгонтуяа соёл урлагийг дэмжих сан байгуулсан байна. Үйл ажиллагаагаа сонгодог урлагийг дэмжихэд чиглүүлэх юм байна. Сангийнхаа үйл ажиллагааг ДБЭТ-ын балетын хувцас хэрэглэлийг шинэчлэх ажлаар эхлэх гэнэ. Удахгүй болох П.И.Чайковскийн мэндэлсний 170 жилийн ойн арга хэмжээнд зориулж түүний "Нойрссон гүнж", "Шелкунчик" зэрэг балетын хувцас хэрэглэлийг шинэчлэхээр болжээ. Хоёр балетын бүжгийн хувцсыг шинэчлэхэд 10 гаруй сая төгрөг зарцуулахаа мэдээлсэн байна..Тэрбээр ирэх тавдугаар сарын 13-нд болох "Нойрссон гүнж" балетын тоглолтын үеэр сонгодог урлагийг дэмжих сангийнхаа нээлтийг хийж, албан ёсоор нийтэд зарлах юм байна. Төрийн өндөрлөгүүдийн гэргий нар нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн болон олон нийтэд чиглэсэн янз бүрийн үйл ажиллагаа явуулж, тэр чиглэлээрээ ямар нэгэн сан байгуулдаг нь шинэ сонин зүйл биш ч Ерөнхий сайдын гэргий Х.Отгонтуяагийн үйл ажиллагааны чиглэл сонгодог урлагийн фэнүүдийн төдийгүй мэргэжилтнүүдийн анхаарлыг ихээр татаж байна. Ялангуяа балетын урлагийг дэмжихээр шийдсэн түүний энэ алхам нь манай үндэсний хөрөнгө оруулагчдын анхаарлыг сонгодог урлаг руу чиглүүлэх том үүд хаалга болж мэдэх юм. Сонирхуулахад, манай дотоодын хөрөнгө оруулагчид хэзээ ч сонгодог урлагт хөрөнгө оруулж байгаагүй, тийм урлаг байдгийг ч мэддэггүй хүмүүс билээ.