“Инээмсэглэл”-ийнхэн инээмсэглэл бэлэглэнэ

2013/07/24

1980-аад оны үед залуусыг нэг хэсэг байлдан дагуулж байсан “Инээмсэглэл” хамтлаг 30 жилийн ойдоо зориулж UB паласын концертын их танхимд энэ сарын 12, 13-нд тоглолтоо хийх гэж байна. Монголын рок, поп урлагт өөрийн гэсэн зам, харгуйгаа аль хэдийн тавьсан эдгээр залуусыг Монголын “Бижис” хамтлаг, Монголд зөөлөн поп хөгжмийг жинхэнэ утгаар нь харуулсан хэмээн мэргэжил нэгт нөхдүүд нь үнэлдэг юм билээ.

Нэгэн үеийн залуусыг зөв хүмүүжил, төлөвшилд хөтөлж, боловсрол мэдлэг, урлаг соёлын агуу ертөнц рүү зорчиход нь зөв хөтөч, үлгэр дууриал болж явсан эдгээр залуус маань өнөөдөр бүгд 100-гийн талыг насалсан идэр эрчүүд болжээ.Гэсэн хэдий тэд урлаг, хөгжмөө орхиогүй цэл залуугийн цог заль, золбоо нь хэвээрээ 30 жилийн дараа шүтэн бишрэгчдэдээ ая дуугаа өргөхөөр бэлтгэлээ базааж байхад нь уулзсан юм. -Нэг хэсэг монголын залууст боловсрол, соёл, хөгжмийн ертөнцөөрөө үлгэрлэж байсан “Инээмсэглэл” хамтлаг яаж анх төрөв. Анхны бүрэлдэхүүнд ямар хүмүүс байв? -Хамтлагийн ахлагч Ч.Ганболд, дуучин Н.Ганхуяг, -Б.Долгион, Н.Ганхуяг бид гурав арван жилийн нэг сургуулийнхан. Манай хамтлагийн суурь 1970 онд анх бий болсон гэж үзэж болох юм.

Тэр үед бид гурав Зөвлөлтийн 1 дүгээр сургуульд хамт сурч байлаа. Дуунд дуртай хэдэн хүүхдүүд нийлж дуулдаг. Тэр үедээ ийм хамтлагтай болно гэж бодоо ч үгүй. Ер нь бид 40 гаруй жил хамт дуулсан байх юм. Манай хамтлагийн нэрийг Ганхуяг маань өгсөн юм шүү. Хамтлагийн маань анхны гишүүн нь П.Батчимэг, Г.Энхболд байна. -Н.Ганхуяг: -Эхлээд бид орцондоо нийлж суугаад дуулдаг байсан бол дараа нь бид Орост оюутан боллоо.

Тэнд бид хамтлагаа “Улыбка” гэж нэрлээд хуучнаар ЗХУ-ын Бүгд найрамдах улсуудаар явж тоглолт хийж байсан. Молдав, Грузин, Армян, Сибирээр явж Монголоо сурталчилж ая дуугаа өргөдөг. Тухайн үед яагаад “Улыбка” гэж нэр өгөв гэхээр. Тэр үед хуучин социалист системийн орнуудаар тоглолт хийгээд явж байхад гудамжинд нь алхаж яваа хүмүүсийн царай нэг л баргар, инээмсэглэсэн хүн ховор, нэг жигд хувцасласан тийм дүр зураг харагддаг байсан.

Тэгээд Монголдоо ирээд “Улыбка”-гаа орчуулахаар “Инээмсэглэл” болж байгаа юм. 1978, 1979 онд манайд урансайхны зөвлөл гэж байлаа. Тэр зөвлөлд нь манай жүжгийн нэрт зохиолч эрдэмтэн Э.Оюун, радиогийн дарга байсан Мятав, одоо энэ төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нар багтдаг. Биднийг уран сайхны зөвлөл шалгана гэлээ. Тэгээд гитараа тоглоод дууллаа. Тэгсэн Оюун гуай Долгионд хандаж “Миний хүү чиний гитар их чанга дуугараад байхад л чи улам чангалаад байх юм” гэж билээ.

Жанцанноров гуай биднийг их магтаж “Залуусын уулзалтын дуу” гэж “Атраас ирсэн комбайнч залуу амжилт сайнуу, Аварга малчин саалийн эзэн бүсгүй сайн уу” гэдэг шүү дээ. Энэ дууны хөгжим, үг нь хоёулаа Р.Энхбазар зохиосон. Тэгээд уран сайхны зөвлөлд жигтэйхэн магтуулсан. Монголд хөгжмийн нэг шинэ урсгал гарч ирэв үү гэж гэж магтаж байсныг санадаг юм. Уран сайхны зөвлөлийнхөн нааштай хүлээж авснаар бид МРТУХ-ны дэргэдэх “Инээмсэглэл” хамтлаг гэж албан ёсоор зөвшөөрсөн.

Ер нь манай хамтлагийн эхний дуунууд бүгд Энхбазар ахын дуунууд байдаг. Дуугаа бид чинь хөөрхөн найруулга хийгээд дөнгөж манайд нэвтэрч байсан диско стилээр тоглосон. Бид тухайн үед шууд Өрнөдийн хөгжмийг хуулбарлаад тоглох юм бол бас төдийлөн зөвшөөрөгдөхгүй тийм үе байсан л даа. -Анх ямар уралдаан тэмцээнд оров. Нэр хүнд тань түгсэн үеэсээ дурсахгүй юу? -Анх 1980 онд Улсын дууны анхдугаар наадам Монголд боллоо. Өөрөөр хэлбэл рок попыхны анхны наадам юм л даа. Рок, поп гэдэг үгийг хэрэглэж болохгүй байлаа. Энэ наадмыг Намхайцэрэн гуайн хүү Ганбат гэж Эвлэлийн төв хороонд ажиллаж байсан залуу гардан зохион байгуулсан. Анх удаа Монголын өнцөг, булан бүрээс хамтлаг, дуучид цуглаж ая, дуугаа өргөсөн.

Тэндээс манай хамтлаг тэргүүн байрын шагнал хүртсэн. 1981 онд Германд олон улсын наадамд оролцохоор явсан. -Тухайн үеийн хөгжөөнтэй, сэтгэлээс гардаггүй дурсам¬жаасаа хуваалцвал? -Н.Ганхуяг: -Биднийг чинь социализмын үед чөлөөт хувцас өмсөхийг хүртэл хориглодог байлаа шүү дээ. Тэгсэн манай Ганболд эхнэрийнхээ зарим хувцсыг нь хэлэлгүй аваад бидний урд бүжиглэдэг бүжигчин охидуудад өмсүүлэхгүй юу. Анх удаа телевизээр өнгө өнгийн футболк өмссөн охид бүжиглэж байгаа нь тэр.

Манай Ганболдын гэргий Энхээ үзчихээд энэ чинь ямар танил хувцас вэ? гээд бөөн инээдэм болж билээ. Үзэл суртал хүчтэй үед ямар нэгэн аргаар залуучуудын дуртай стил, хувцаслалт гаргаж ирэх, залуусын дуртай дууг дуулах хүсэл эрмэлзлэлтэй байж. Тэр үед чинь утга зохиолын хянах газар гэж байлаа. Бидний дууны шүлгийг хүртэл хянадаг. “Асгын чулуу ганц нэгээрээ, Ангасан адуу шиг гол бараадна” гэж байдаг шүү дээ.

Тэгсэн та нар нийгмийн “шаар” болсон хүмүүсийг дэмжиж дуулаад байна уу гэдэг. Тухайн үед бид залуу ч байж. Ямар нэгэн юмнаас шантардаггүй. Залуу насны эрч хүчээр бүх бэрхшээлийг давж инээлдэж, хөгжиж явцгаадаг байж дээ. “Сантана”-гийн “Люви” гэж их сайхан дуу байдаг шүү дээ. Энэ дууг манай хамтлаг дуулахаасаа өмнө АНУ-д хар арьст бүсгүй, цагаан арьстай залуутай хайр дурлалын холбоотой болоод гэрлэх гэсэн чинь эцэг, эх нь зөвшөөрдөггүй тухай өгүүлдэг. Ингэж АНУ-д арьсны өнгөөр ялгаварлан гадуурхаж байна гэж оршил хэлж байж дуулдаг. Тэгж тайлбарлаад дуулахад хаана ч дуулж болно. Дарга нар нь толгой дохиод зөвшөөрч байгаа бололтой харагддаг. Нэг талаараа инээдэмтэй мэт боловч нөгөө талаараа эмгэнэлтэй тийм нийгэмд бид амьдарч байж. /инээв/

Бидний үе харин ч азтай төдийлөн хаагдаж, боогдож сүйд болоогүй. Манай хамтлагийнхан чинь бүгд сургуулиа төгсөж ирээд төрийн томоохон байгууллагад ажил эрхэлж байлаа. Тухайн үед МРТУХ-нд ажиллаж байсан яруу найрагч Мэнд-Оёо, Сандуйжав, Шажинбат, шар Мягмарсүрэн гээд эд шүлгээ бичиж байсан үе. Шүлэг бичээд өгчихнө. Шүлгэнд нь манай Энхбазар ая хийдэг. Сүүлдээ бид өөрсдөө дуугаа зохиодог болсон доо. -Танай хамтлагийнхны зохиосон дуунуудаас нэрлэвэл? Ч.Ганболд: -Би “Дуучин гитар” гэж ганц дуутай хүн. Манай Цогдэлгэрийн “Зүрхний үг”, “Хавар”, “Асгын чулуу”, “Орчлон дэлхийдээ аз жаргалтай”, Долгион “Урин хавар”, “Хослон дуулья”, “Өөдрөг сэтгэл”, “Бэлэн далай”. Ганхуягийн “Ертөнцийн чимэг”, “Инээмсэглэл”, П.Батчимэгийн “Би цас ороход дуртай” гээд олон дуу бий. Хамтлаг гэдэг утга чинь ерөөсөө хүний гар хардаггүй. Өөрсдөө дуугаа зохиодог, өөрийн гэсэн нүүр царайтай байхыг хэлдэг.

Энэ дэг жаягыг манай хамтлаг алдаагүй. Дээр нь манай хамтлаг өргөжиж Б.Бадар-Ууган маань үндэсний гоё гоё аялгуу оруулж ирсэн. Дан эрчүүд дээр ганц эмэгтэй дуучин Я.Оюундэлгэр шигтгээ болж уянгалаг зөөлөн хоолойгоор ая дуугаа өргөж эхэлсэн. Нэртэй хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж маань бидэнтэй нэгдэж, ам бүл маань улам өргөжсөн. Пүүжээгийн “Улаанбаатарын үдэш” гэж сайхан дууг хүн бүр мэднэ дээ. Р.Энхбазарын “Дэлхий ээж” , “Бүсгүйчүүд”, “Энхийн өглөө”, “Манайд ирээрэй”-г мэднэ биз дээ. -Танай хамтлаг социализмын үед ургац хураалтын үеэр “Намрын инээмсэглэл” гэж тоглолт хийж залуусыг үтрэм, тариан талбай дээр нь очиж ажиллаж урам зориг өгч, залуус түүнийг үзээд сангийн аж ахуйд явах хүсэл төрдөг байсныг санаж байна? Энэ үеийн дурсамжаасаа хуваалцаач? -Өө тэгэлгүй яах вэ. “Намрын инээмсэглэл” гэж дуу бий шүү дээ.

Тэр үед гэрэл, техник, элдэв төхөөрөмж байсангүй. Ачааны машины тэвшийг нийлүүлээд хөгжмөө зоогоод тоглоно. Тоглолт эхлэнгүүт нутгийн иргэд машинтай, морьтой, явган бүгд ирдэг. Машинтай нь машиныхаа гэрлийг асаагаад бидэн дээр тусгачихна. Ургац хурааж байсан оюутан, залуус хөвөнтэй хүрэм, дээл, бакалтайгаа тоос манартал бүжиглэж гарна. Тоос нь одоогийн хамтлаг дуучид тоглолт хийхэд уур гараад байдаг шиг дээш хөөрдөг. Бөөн тоосонд дунд нэгэн үдэш залуус маань бахаа ханатал бүжиглэж аваад маргааш нүргэлсэн их ажилдаа гардаг. -Ч.Ганболд: Манай хамтлаг Багануурыг дөнгөж баригдаж байхад очиж тоглолт хийсэн. Ямар ч соёлын ордон, театр байхгүй.

Өвлийн хүйтэнд нэг амбаар шиг байшинд оруулаад за та хэд бэлтгэлээ базаагаад байж бай. Одоо орой ээлжний залуус ажлаасаа ирнэ гэлээ. Өө нөгөө ажлаасаа тарсан залуус чинь ажлынхаа хувцастай нөгөө хүйтэн модон байшинд чинь бүгд цуглаад бид тоглолтоо ч эхэллээ. 30 минутын дотор нөгөө хүйтэн модон байшин чинь дулаацаж залуус бүжиглээд ямар ч ажилдаа ядарсан царайгүй болоод гарч байсныг санаж байна. Үнэхээр тухайн үед бид залуусыг сэргээж, тэдэнд урам зориг, эрч хүч өгч тухайн үеийн залуусын хүсэл эрмэлзлэлийнх нь илэрхийлэл болж байсан гэж санагддаг.

Тэр ч утгаараа манай хамтлагт хайртай, одоо ч биднийг санадаг, дууг маань дуулдаг байхаа. -Танай хамтлагийн олны дунд түгсэн сайхан дууг сонсоё гэхэд CD байдаггүй. Тэгтэл Ерөнхий сайдын гэргий, “Төгөлдөр” сангийн тэргүүн хатагтай Х.Отгонтуяа та бүхний CD-г ивээн тэтгэж бичүүлсэн. Бас энэ удаагийн тоглолтын продюссороор ажиллаж байгаа гэсэн? -Бид энэ бүсгүйд чин сэтгэлээсээ баярлаж байгаа. Хэрэв энэ хүн биднийг шахаж шамдуулж ивээн тэтгээгүй бол бид дахин тоглох байсан болов уу. Би нэг удаа эмнэлэгт үзүүлэх гээд сууж байтал 40-өөд насны нэг эмэгтэй ирж мэндлээд танай хамтлагийн CD байдаг уу.

Бидний үеийнхэн их дуртай. Хэрэв CD гаргавал заавал авна шүү гэж хэлсэн. Урд нь тоглолт хийнэ гэж ярьж байсан л даа. Гэхдээ яг яв цав тохирсон зүйлгүй толгойдоо бодоод л явж байлаа. Тэгтэл Ерөнхий сайдын гэргий, “Төгөлдөр” сангийн тэргүүн Х.Отгонтуяа бүсгүй бидэнд маш их эрч хүч, урам зориг өглөө. Радиогийн алтан фондод бидний дуулсан 100-гаад дуу бий. Сор болсон 20 дуугаа түүж CD болголоо.

Магадгүй энэ CD-г гаргаснаар ээж, аавын маань үеийнхэн нэг иймэрхүү дуунд дуртай байжээ гэж биднийг илүү мэдрэх болов уу. Бидний CD-ний бичлэгийг дуу бичлэгийн “New Star” студи бичсэн. Студийн захирал Л.Энхмандахдаа талархлаа. Тоглолтын бэлтгэлээ ч яг гэртээ байгаа юм шиг энэ студид хийж байна. Биднийг дэмжиж, бидэнд сэтгэлийн дэм, эрч хүч өгсөн бүх хүмүүст танай сониноор дамжуулж талархал илэрхийлье. -Улс эх орныхоо нүүрийг “тахалж ” гадаад, дотоодод олон үйл явдалд оролцож байсан нь мэдээж? Улс орныхоо нэр хүндийг өргөсөн уралдаан тэмцээнээс шагнал авч байв уу? -Н.Ганхуяг: Монголын залуучууд гитар хөгжим тоглодог. Олон хоолой салгаж дуулдаг.

Цахилгаан хөгжмийг эзэмшсэн, төгөлдөр хуур тоглож чаддаг гэдэг ойлголтыг гадаадын улс оронд харуулж чадаж байлаа. Бас дээрээс нь олон хэлээр дуулдаг. Герман, Чех, Польш, Орост бишгүй тоглолт хийсэн. Тухайн үеийн улсд бидний тухай нэгэн том нээлт болж байлаа. Дэлхийн залуучууд оюутны их наадам, Берлинд болсон улс төрийн дууны “Улаан дуу” их наадамд тоглож байлаа.

Сочид болдог наадамд манай эстрадын дуучин Төмөрбаатар, Ганболд, бид гурав оролцсон түүхтэй. Манай улсын хувьд бидний ид дуулж хуурдаж явсан тэр үе маань Улс орны маань эд бүтээн байгуулалтын үе байлаа. Эрдэнэтэд очиж тоглодог. Хөтөлийг дөнгөж байгуулагдаж байхад очиж байлаа. Манай Долгион “Цагаан хад бэлэн далай” гэж дуу зохиосон. Хөтөлд чинь “Бэлэн далай” гэж нэр өгөх гэж байсан юм шүү дээ. Сүүлд Хөтөл гэж нэр өгсөн байдаг. -Та нар яг ямар ямар мэргэжилтэй хүмүүс вэ? -Манай хамтлагийн нэг онцлог бол бид өөр өөр мэргэжилтэй.

Би гэхэд Москвад Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн дипломат. Ганболд Москвагийн их сургууль төгссөн хэл судлаач, багш, Долгион сэтгүүлч, орчуулагч. Манай Долгион чинь МОНЦАМЭ-гийн ганц орос хэлээр гардаг “Новости Монголии”сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Бөмбөрчин Энкүүш буюу Г.Энхболд маань сэтгүүлч бас энэ сонинд ажилладаг байсан. Бид бүгдээрээ яам, тамгын газар хариуцлагатай алба хашдаг. Ажлынхаа хажуугаар хөгжимдөө хайртай учраас шөнө дөл хүртэл тоглолтоо хийгээд явдаг.

“Би цас ороход дуртай” дуу байдаг шүү дээ. Манай хамтлагийн П.Батчимэгийн дуу л даа. Дөнгөж бичлэг дуусаад өвөл үүрээр “МОНЦАМЭ”-гийн байрнаас гараад Энхтайвны гудамжаар алхаж явтал яг цас шуураад зам чинь одоогийнх шиг битүү байгаагүй. Гудамж хов хоосон. Цас ороод гэр рүүгээ энэ дуугаа дуулаад алхацгааж байсан минь саяхан мэт санагдаж байна даа. -Тоглолтынхоо талаар товч танилцуулахгүй юу. 30 жилийн дараа дахин хамтран тоглоно гэхэд сэтгэл санаа ямар байна вэ. Бэлтгэлээ хэр базааж байгаа вэ, бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох уу? -Бадар-Ууган маань бидний дунд байхгүй.

Гэхдээ Наранзун гэж хүү нь одоо БСШУЯ-ны Соёл урлагийн газрын даргын алба хашиж байгаа. Аавынхаа дууг дуулна. Бусад нь бүгд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Энхболд Эрхүүгийн консулын газарт ажиллаж байгаа. Гэхдээ тоглолтод ирнэ. Олны сонсох дуртай “Бүсгүйчүүд”, “Манайд ирээрэй”, “Энх өглөө”, “Дуучин гитар”, “Улаанбаатарын үдэш” гээд бүгдийг л дуулна. Тухайн үед хит энэ тэр гэж нэрлэдэггүй байсан болохоос биш. Бидний бүх дуу хит болж байсан юм шүү.

Монголын радиогийн хүсэлтийн хариу хөгжмийн нэвтрүүлэг бүтэн сайн өдрийн 10 цаг 30 минутад тогтмол явдаг. Түүгээр бидний дууг хот, хөдөөгийн олон сонсогчид байнга захиалдаг байлаа. -Тухайн үед ам барьж тоглоно энэ тэр гэж байдаггүй . Шууд гитараа бариад амьд дуулдаг байсан. Энэ удаа та бүхэн бас амьд тоглолт хийх үү? Нэлээд завсарласан зарим хүмүүсийн хувьд дуулахад бэрхшээл гарч байна уу? Ч.Ганболд : -Бид амьд тоглолт үзүүлнэ.

Би гэхэд урлагаас нэлээн хөндийрсөн. Гэхдээ сайн бэлтгэл хийж байгаа. Гурван сар бэлтгэл хийгээд ирэхээр хоолой зүгшрээд гайгүй болсон. Дээр нь ээждээ баярлалаа. Яагаад гэвэл ээж минь намайг дуулах авьяастай төрүүлжээ. Миний ээж урлагийн хүн ээжээсээ сайхан авьяасыг нь өвлөсөн юм болов уу. Ер нь бид танай “МОНЦАМЭ мэдээ” сониныг хөндлөнгийн хүмүүс биш гэж үзэж байгаа. Танай сонин манай хамтлаг ураг төрлийн холбоотой гэж хэлэх гээд байна.Яагаад гэвэл бидний залуу зандан насанд МРТУХ гэж байхад бид бүгд бужигнаад нэг л байранд амьдрал буцалж байлаа. “МОНЦАМЭ мэдээ” сонин угшил гарал, нэр сүрээ бодсон ч уншигчдад үнэн зөв мэдээлэл, мэдлэг боловсрол өгдөг тийм зарчмаа алдаагүй гэдэгт итгэдэг шүү.

Д.Догсмаа