Тайзнаа 40 жил амилсан “ХУНТ НУУР”

2015/06/27

-Монголын тайзнаа “Хунт нуур” балет тоглогдсоны 40 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтууд зургадугаар сарын 27, 28-ны 17.00 цагаас УДБЭТ-ын тайзнаа тоглогдоно-

УДБЭТ-ын хамт олон дэлхийн сонгодог бүтээл П.И.Чайковский “Хунт нуур” балетын Монголын тайзнаа тоглогдсоны түүхт 40 жилийн ойг ирэх амралтын өдрүүдэд буюу зургадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ хүрээнд “Хунт нуур” алдарт балетыг тайзнаа хоёр удаа тоглох юм. Энэ талаар өчигдөр(VI.24) сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.


УДБЭТ-ын уран бүтээлчид 2015 онд олон бүтээлийг ард түмэндээ толилуулж байгаа билээ. Тэр дундаа Оросын алдарт зохиолч П.И.Чайковский “Хунт нуур” балетыг Монголын тайзнаа тавьсны 40 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Чайковский амьдралдаа “Щелкунчик”, “Нойрсон гүнж”, “Хунт нуур” гэсэн гурван балет бичсэн байдаг. Энэ дотроос “Хунт нуур” балет нь дэлхийн сонгодог балетын оргил нь гэж үздэг. Учир нь тус балетад бүжиглэсэн бүжигчид бол академизм буюу сонгодог арга барилтай жинхэнэ балетын жүжигчин болж чаддаг аж.

П.И.Чайковский “Хунт нуур” балет нь анх 1877 оны гуравдугаар сарын 7-ны өдөр Их театрт тоглогдож байжээ.Тус бүтээлийг зохиогч анх өөрийн үеэл Давидийн хүүхдүүдэд зориулан “Озера лебедей” гэсэн нэртэй нэг үзэгдэлтэйгээр бүтээсэн ч удалгүй хүүхдүүдийн төдийгүй сонгодог урлагийн үзэгчдийн таашаал, хүндлэлийг хүлээсэн алдартай бүтээл болж хөгжсөн байна. Манай дуурийн тайзнаа энэхүү бүтээл 1975 оны зургадугаар сарын 28-ны өдөр Ардын жүжигчин Б.Жамьяандагвын дэглэлт, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны удирдлагаар тоглогдож байсан байна. Анхны тайзны зураачаар Ардын зураач, урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Гунгаасүх ажиллаж байжээ. Мөн “Хунт нуур” балетын гол дүрүүдэд Одетта, Одиллияд Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфрид Гавьяат жүжигчин Э.Оюунбат, Ротбарт Гавьяат жүжигчин Н.Баатар, Алиа салбадайд Ардын жүжигчин Х.Ганбаатар нар тоглосон түүхтэй.

Мөн анхны хөгжмийн гоцлолуудыг Гавьяат жүжигчин Л.Аюуш (хийл), Гавьяат жүжигчин Б.Батчулуун (Волторн), Ж.Жиняаз (Виолончель), Ч.Наранхүү (Труба), Бү.Чинбат(Арф), Н.Даваадорж (Гобой), Г.Гомбосүрэн (Кларнет), Н.Даржаа (Флейт), Л.Мягмарсүрэн(Фагот) нар тоглосон байна.

“Хунт нуур” балет анх УДБЭТ-ын тайзнаа театрын шилдэг уран бүтээлчдийн нөр хөдөлмөрөөр тоглогдож байснаасаа хойш даруй 40 дэх жилдээ 140, 141 дэх удаагаа тоглогдох гэж байна.