“Төгөлдөр” сан дүрслэх урлагийг дэмжив

2013/05/16

Монголын Урлагийн Зөвлөл өнгөрсөн онд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисстой хамтран “Дүрслэх урлагийн боловсрол” гарын авлагыг боловсруулан гаргаж байсан билээ. Тус гарын авлагыг энэ онд “Төгөлдөр” сангийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын гэргий, хатагтай Х.Отгонтуяагийн дэмжлэгтэйгээр 1000 хувь хэвлэн, хүүхэд багачуудын гарт хүргэхэд бэлэн болжээ.

Нийслэл болох 21 аймгийн бүх Ерөнхий боловсролын сургуулийн их, дээд сургуулиудад үнэ төлбөргүй тараах уг гарын авлагыг БСШУЯ-нд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр “Чингис” зочид буудлын Хурлын танхимд болсон юм. Энэхүү ёслолд “Төгөлдөр” сангийн тэргүүн, хатагтай Х.Отгонтуяа, БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр, Монголын урлагийн зөвлөлийн тэргүүн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, “Дүрслэх урлагийн боловсрол” гарын авлагын зохиогч, уран бүтээлчид оролцов.

Ёслолын үеэр “Төгөлдөр” сангийн тэргүүн, хатагтай Х.Отгонтуяа “Урлагийн зөвлөлөөс надад энэхүү дүрслэг урлагийн гарын авлагыг дахин хэвлэхэд туслалцаа үзүүлэхийг хүссэн санал тавьсан юм. Тэдний санал хүсэлттэй танилцах үеэрээ би энэ номыг хараад их гайхалтай сурах бичиг байна гэж дүгнэсэн. Одоогийн хүүхдүүд их азтай юм аа л гэж бодож байлаа. Учир нь биднийг бага байхад дүрслэх урлагийн ном, товхимол ийм ойлгомжтой, дэлхийн сонгодог бүтээлийг багтаасан цогц хэлбэртэй байгаагүй. Одоо бол цаг үе их өөр болж. Хүүхдүүд ч гэсэн. Тиймээс тэдэнд дүрслэх урлагийн мэдлэг олгоход нь энэ ном их том үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Их ойлгомжтой, сайн ном болсон байна лээ. Тийм ч учраас би энэ номыг хэвлэх ажлыг хоёр гараа өргөн дэмжсэн. Номыг санхүүжүүлж, багш нарын гарт хүргэж байгаадаа сангийнхаа зүгээс болон өөрийн зүгээс нэр төрийн хэрэг гэж бодож байна” хэмээн онцолсон юм.

Ёслолд оролцсон БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр энэхүү өвөрмөц бүтээлийн талаар өөрийн саналаа хуваалцахдаа, “ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Монголын Урлагийн Зөвлөл, “Төгөлдөр” сан хамтраад дүрслэх урлагийн ийм сайхан ном бүтээж, сургуулиудад үнэ төлбөргүй тарааж байгаад баяртай байна. Дүрслэх урлагийн сурах бичгүүд харьцангуй үнэтэй байдаг. Байг гэхэд заавал өнгөтөөр хэвлэх шаардлагатай байдаг. Гэсэн ч “Төгөлдөр” сангийн сайхан сэтгэл шингэсэн дэмжлэгийн ачаар олон зуун хүүхэд дүрслэх урлагийн гайхамшгийг улам илүү шимтэн сонирхох боломжтой боллоо. Бидний хамтын ажиллагаа үүгээр дуусахгүй байх гэж найдаж байна. Энэ ном гарсантай холбогдуулж ерөнхий боловсролын сургуулиудын багш нарт сургалт, хичээл заах ажлыг дараагийн удаа хамтран зохион байгуулъя гэсэн саналыг та бүхэндээ тавьмаар байна. Энэ ажлын санаачлагыг гаргаж, дэмжсэн байгууллагуудад Монгол Улсын Засгийн газрын өмнөөс баярлаж, талархаж байгаагаа хэлье” хэмээв.

Харин гарын авлагыг бүтээх санаачилгыг гаргасан МУЗ-ийн тэргүүн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров энэ үеэр “Урлагийн зөвлөл 2003 оноос 60 орчим урлагийн боловсролын чиглэлээр төсөл хэрэгжүүлж, үүнд 350 гаруй уран бүтээлч оролцсон байдаг. Давхардсан тоогоор 500 гаруй багш, нэг сая хүүхэд залуу энэ төсөлд хамрагдсан байна. Сүүлийн жилүүдэд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисстой манайх хамтарч ажиллаж байгаа. Үүний нэг том жишээ нь энэ “Дүрслэх урлагийн боловсрол” гарын авлага байгаа юм. Үүнийг манай МУЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, “Төгөлдөр” сангийн тэргүүн Х.Отгонтуяа санхүүжүүлсэнд тун их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байлаа.

Өнөөдөр болсон ёслолын үеэр номын зохиогчид БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаярт “Дүрслэх урлагийн боловсрол” гарын авлагаас 760 ширхэгийг гардуулж өгсөн юм. Дээрх номыг Монгол Улсын бүх их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулиудад үнэгүй хүргэх юм.

Сургууль бүрт нэг ширхэг ном өгөх учир уг номыг дэлгүүрүүдэд худалдахгүй юм байна. “Дүрслэх урлагийн боловсрол” багшийн гарын авлага нь дэлхийн болон Монголын дүрслэх урлагийн онол, судалгаанаас эхлэн зохиомжийн үндсэн дүрэм, хууль зүй тогтол, арга хэрэгсэл, шинж чанарын онцлог, түүний хэрэглээ, дизайны төрөл, ангилал, үсгийн урлаг, загварчлах арга зарчим гээд бүхий л цогц мэдээллийг багтаасныг дахин онцлохыг хүсч байна.

М.Дөл