Х.Отгонтуяа: “Төгөлдөр” сан миний мөрөөдөж байсан ажил

2013/05/15

-Балетыг та ердийн нэг сонирхогчийн үүд­нээс биш, чин сэт­гэ­лээсээ дурлаж үздэг "мэргэжлийн" үзэгч­дийн нэг юм шиг байна. Ер нь Ерөнхий сайд тан­тай хамт балет хэр үз­дэг вэ. Гэр бүлээрээ театрт ирэх цаг хэр гар­гадаг вэ?

-Би балетыг, жишээ нь "Хунт нуур"-ыг гэхэд л хичнээн ч удаа үзчихэв дээ. Тэглээ гээд тэр бүг­дээс хэзээ ч уйддаггүй. Хүүхдүүдээ мэдээж да­гуулж ирж үздэг. Яахав, тэд маань өөрийнхөө со­нирх­лоор гэхээс илүүтэй ээжийгээ хүндэтгэх үүд­нээс хамт балет үздэг. Сая "Нойрссон гүнж" дээр манай хүүхдүүд бүгд ир­сэн. Бүгдэд нь маш их таалагдсан байна лээ. Нөхөр маань ч гэсэн хааяа намайг дагаад ба­лет үздэг. Ер нь нэг гэ­рийн хоёр чинь бие бие­ний­хээ сонирхолд хүн­дэтгэлтэй хандаж, өөрөө тэгтлээ сонирхдоггүй ч гэсэн аль ч чиглэлийн юм байсан хажуудах хүн нь байнга яриад байгаа зүйлд аяндаа анхаарал хандуулдаг шүү дээ.

-"Нойрссон гүнж"-ийг анх ерэн онд та­ви­хад нь та үзэж байсан биз дээ. Анхны тавил­таар нь?

-Энэ балетыг би Мон­голд нэг удаа үзэж бай­сан. Гадаадад бас үзэж бай­сан юм.

-Аль театрт үзсэн бэ?

-Лондонгийн театрт.

-Манай балетын бү­жиг­чид гадаадад бүжиг­лэж байгаа тухай мэ­дээ­лэл сүүлийн үед их ярих юм. Та тэдний та­лаар ямар мэдээ­лэл­тэй бай­даг вэ?

-Европт ази бүжигчин бүжиглэх нь их ховор л доо. Харж байхад хаа нэг Япон, Хятадын ганц нэг бүжигчин бүжиглэх то­хиолдол байдаг юм би­лээ. Гэхдээ тийм олон биш. Тэнд бүжиглэхэд шалгуур маш өндөр уч­раас тэр байх. Харин манай бүжигчдийг гадаа­дад бүжиглэж байгаа гэж ярьцгаадаг боловч яг сон­годог жүжигт бүжиглэж байхыг би үзээгүй юм байна. Яахав жижиг жи­жиг юманд бүжиглэдэг байх.

-Балетад та жүжиг санхүүжүүлэхээс гад­на өөр ямар хэлбэрээр дэмжлэг үзүүлэх бо­долтой байна?

-Сүүлийн жилүүдэд театрт хүмүүс ирдэг бол­чих­лоо. Одоо бүжигч­дийн­­хээ ур чадварыг илүү сайхан дээшлүүлэх хэрэг­тэй гэж боддог. Гаднаас балетмейстр түр хуга­цаагаар авчирч болж бай­на. Тайзны ард бү­жигч­дийн анги гэж байдаг. Тэр ангийг удирддаг хү­мүүсийг бид гаднаас урьж ирүүлж хамтарч ажиллаж болж байна. Иймэрхүү юм бүжигчдэд маш их хэрэгтэй байдаг.

-Их өндөр үнэтэй ирэх байх л даа?

-Би бодож байна л даа, одоо Орост гэхэд л сайн сайн балет­мейст­рүүд олон байна. Заавал одоо ажиллаж байгаа, том том одуудыг бэлт­гэдэг балетмейстр байх албагүй шүү дээ. Тэт­гэ­вэр­тээ гарчихсан ч юм уу, наанаас Пермь, Сиби­рийн театруудаас ч ба­лет­мейстр авчирч болно. Тэд бол сайн шүү дээ. Би энэ талаар юм хийж бол­но гэж бодож байгаа. Гэхдээ бүжиг дэглээч нарыг шинэ балет дээр ажиллах биш бүжигчдийн өдөр тутмын дасгал сур­гууль дээр ажиллах, уран чадварыг нь дээшлүүлэх чиглэлээр урьж болно. Энэ нь манай театрын бүжиг дэглээч Гэрэл­чи­мэгт ч гэсэн хэрэгтэй.

-Он дуустал танай сан чухам ямар төлөв­лөгөөтэй байгаа вэ?

-Миний оны төлөв­лөгөө маш тодорхой гар­чихсан байгаа. Хамгийн эхнийх нь "Нойрссон гүнж" балетын бэлтгэл ажил, "Инээмсэглэл" хамт­­лагийн мастер цомог болон тоглолтын бэлтгэл ажил зэрэг эхэлж таар­лаа. "Нойрсч буй гүнж"-ийг би театртай хамтарч хийж байгаа. Харин "Инээм­­сэглэл" хамтла­гийн хувьд бол арай өөр. Анхнаасаа миний төс­лөөр хийгдэж байгаа юм. Тэднийг цуглуулж тоглох хэрэгтэй гэдэг итгэл үнэмш­лийг төрүүлж, дээ­рээс нь цомгийг нь би дангаараа продюсерлэж байгаа юм. Энэ хамт­лагийн уран бүтээл ерөө­сөө бичлэгээр үлдээгүй. Тиймээс үүнийг сан­хүү­жүүлж, бичиж үлдээж бай­гаадаа би их баяртай байгаа. Тоглолтыг нь мөн санхүүжүүлж байна. Маш гоё хамтлаг шүү дээ. Үүнээс гадна гурван но­мын орчуулга дээр ажил­лаж байна. Өсвөр насны хүүхдүүдийг яаж төлөв­шүү­лэх вэ гэдэгт эцэг эх­чүү­дэд гарын ав­лага бо­ло­хоор их гоё номууд. Орос, англи хэл­нээс ор­чуулж байгаа юм.

-Амьдралд хэрэг­лэ­хэд хэр дөхөмтэй ном юм бэ?

-Бусад хүмүүст яаж хүрэхийг би мэдэхгүй бай­на. Би хувьдаа тэр номуу­дыг уншаад их зүйл ойл­гож авсан. Надад их хэрэг болсон учраас бусад эцэг эхчүүдэд ч хэрэг болж болох юм гэдэг үүднээс монгол хэл рүү орчуулж хэвлүүлэхээр шийдсэн юм. Эхний ном маань уржигдар бэлэн болсон. Хоёр дахь ном маань залуу эцэг эхчүүдэд зөв­лөмж гэсэн ном байгаа. Гурав дахь нь жижиг хэм­жээний, би яг ном гэж хэлж чадахгүй ч бас л хүмүүст хэрэгтэй байх болов уу гэсэн ийм гурван ном бай­гаа.

Мөн ирэх есдүгээр сард Драмын театртай хамтраад Э.Оюун, Д.Нам­даг, Л.Ванган на­рын жүжгүүдээс сэргээж тавих санаатай байгаа. Миний хувьд театрт сана­лаа тавьсан, чухам ямар жүжгүүдийг сэргээх вэ гэдгээ тэд нар ярилцаж байгаад шийдэх байх. Дараа нь ирэх арван­хоёрдугаар сард ДБЭТ-тай дахиад ажиллана. Мөн Чайковскийн "Шел­кунчик" балетыг сэр­гээх юм.

-"Шелкунчик" тогт­мол тоглогдож байгаа шүү дээ. Юуг нь шинэч­лэх юм бол?

-Одоо тоглогдож бай­гаа ч гэсэн олон жил тог­лочихсон, зарим талаар хуучирсан юмнууд бай­гаа гэж үзэж өөрчлөх ши­нээр сэргээх төлөвлө­гөөтэй байгаа юм билээ. Ингээд миний энэ оны ажил төлөвлөгөөний да­гуу явагдах юм.

-Таны "Төгөлдөр" сан­гийн өөрийнх нь хө­рөнгө санхүүгийн хэм­жээ нэлээн том биз. Гэр бүлийн бизнесээсээ бос­госон уу, ямар байд­лаар санхүүжиж байгаа вэ?

-Одоохондоо өөрийн­хөө бизнесээс гарсан аш­­гаар ажиллаж байгаа. Тэрнийг бид яаж ч зар­цуулж болно шүү дээ. Гэвч би байшин сав ч юм уу машин тэрэг ч юм уу худалдаж авахын оронд нийгэмд хэрэгтэй ажил хийе гэж бодсон. Нөгөө талаар би Монгол Улсын Ерөнхий сайдын эхнэр учраас аль ч үед Ерөн­хийлөгч, Ерөнхий сай­дын эхнэрүүд нийгмийн сайн сайханд хандсан ажил хийх ёстой байдаг жишгээр сангаа бай­гуул­сан. Сангийнхаа үйл ажил­лагааг нийгэм рүү хандсан, урлагийг дэм­жихэд чиглүүлээд ажил­лаж байгаадаа би их баяр­тай байгаа. Санхүү­жил­тийн хувьд бид үргэлж дангаараа өөрийнхөө мөнгөөр яваад байх биш, ашгийн бус үйл ажил­лагаа явуулж байгаа уч­раас яваандаа хандив­лагчдыг татахад чиглэсэн бодлого бас барих байх.

-Чайковскийн ойн хү­рээнд барууны теат­рууд юу тоглож байгаа талаар та мэдээлэл авсан уу?

-Би энэ талаар то­дор­хой мэдээлэлгүй байна. Сая би өнгөрсөн арван­хоёрдугаар сард Ита­лийн Ла Скала театрт "Кармен" үзсэн, дөрөв­дү­гээр сард Венийн театрт "Сарьсан багваахай"-г үзлээ. Арванхоёрдугаар сард Большой театрт "Шелкунчик"-ийг үзсэн юм байна. Ер нь дэлхийн бүх театрууд арван­хоёр­ду­гаар сард "Шелкунчик"-ийг тоглодог шүү дээ. Ер нь би гадаадад явахдаа өдөр нь ажлаа ам­жуу­лаад, орой нь заавал театрт жүжиг үздэг. Мон­голдоо ч гэсэн ялгаагүй. Сая би Драмын театрт Красногоровын гурван жүжгийг дараалан үзлээ.

-Сая "Нойрссон гүнж"-ийг их олон алба­ны хүмүүс, сайд дарга нар үзлээ. Тэд хэр ойл­гоо бол. Танд юу гэж хэлэх юм?

- Хүмүүст маш их таа­лагдсан гэсэн. Урьсан зочид маань их л сэтгэл өндөр байцгаасан. Өчиг­дөр би их олон мессеж авлаа. Баяр хүргэсэн хү­мүүс их олон байлаа. Үнэхээр сайхан байлаа.

-"Спартак" гэж сон­годог урлагийн фэнүү­дийн мөрөөдөл болсон нэг балет ДБЭТ-ын урын санд бий. Хуучир­сан, бас бүрэлдэ­хүүн­гүй гээд тоглохоо бай­чих­сан жүжиг. Энийг сэргээх боломж бий бо­лов уу. Энэ балетыг та бодож байсан уу?

-Би яг "Спартак"-ийг асуух нь дээ гэж бодож байлаа. Энэ жүжгийг сэр­гээх юмсан гэж бодож байгаа.

-Та бас уран зураг цуглуулдаг гэж байсан. Ямар зураачдын бүтээ­лүүд цуглуулгад тань бий вэ?

-Би яг тэр зураачийн зураг гэхээсээ илүүтэй өөрийнхөө мэдрэмж со­нирх­лоор сонгож цуг­луул­даг. Ерөнхийдөө бо­дит, байгалийн зураг цуг­луулдаг. Янз бүрийн зу­раач­дын бүтээлүүд байна даа. Чогсом гуайнх, Амгалан гуайнх, До.Бол­дынх, Хүрэлбаатарынх, Дэнзэнгийнх гэх жи­шээ­тэй.

-Чогсом гуай со­циа­лизмын үед шинэчлэгч гэдгээрээ да­рамт­луулж хэлмэгдэж яв­сан зураач шүү дээ, тийм үү?

-Тэр талаар нь би сайн мэдэхгүй. Гэхдээ надад тэр талаараа цухуйлгаж байсан. Чогсом гуай үнэхээр гайхамшигтай зураач л даа.

-Тэргүүн дэд хатаг­тай болсон, урлагийг дэмжих сангийнхаа аж­лыг эхэлсэн үеийн аль нь таны амьдралд чухал үе гэж та үзэх бол?

-Аль аль нь миний амьд­ралын чухал үе. Мэ­дээж миний нөхөр Мон­гол Улсын Ерөнхий сайд болсон нь манай гэр бү­лийн мартагдахгүй түүх болж үлдэнэ гэж бодож байна. Яагаад гэвэл хүн болгон Ерөнхий сайд болоод байдаггүй, төр, ард түмэн итгэл хүлээл­гээд Ерөнхий сайдаар ажиллуулж байгаа нь ба­хар­халтай. Харин "Төгөл­дөр" сангийн маань хувьд энэ бол миний мөрөөдөж байсан ажил минь юм.

Н.ПАГМА