"Үнсгэлжин" балет

2015/04/10



Ерөнхий ивээн тэтгэгч:

www.arigbank.mn

Ариг Банкны Мэндчилгээ

Монгол Улс 10, 20, 30, 40 жилийн дараа ямар улс байх нь одоогийн 5, 10, 15 настнуудын юу уншиж, юу үзэж, юу сэтгэж хэрхэн төлөвшиж байгаагаас шууд хамаарах билээ. Өнөөдрийн улс төр, эдийн засгийн тогтворгүй үед Монголчууд бидний хойч ирээдүй болсон үр хүүхдүүд өөрсдийн оюуны хэрэгцээг хангаж төдийлэн чадахгүй байгаа нь Ариг Банкны хамт олон бидний сэтгэлийг зовниулж байдаг зүйлсийн нэг юм.

“Үнсгэлжин” шиг дэлхийн сонгодог хүүхдийн зохиолыг унших, жүжиг, балетыг үзэх боломж хязгаарлагдмал байгааг бид мэднэ. Цаг үеийн ийм нөхцөлд Монголын Урлагийн Зөвлөл, “UB Ballet” сургалтын төв, Хөгжим Бүжгийн Коллежийн хамтран бүтээж буй “Үнсгэлжин” бүжгэн жүжгийг жил бүр хоёроос доошгүй удаа та бүхний хүүхдийн оюуны хүртээл болгох ажлыг Ариг Банкны хамт олон чин сэтгэлээсээ дэмжиж, ивээн тэтгэхээр шийдсэн билээ. Бидний үр хүүхдийн оюуны сэтгэлгээ сонгодог зохиол, урлагаар цэнэглэгдэж эцэг эх, улс орондоо төдийгүй дэлхийд дуурсагдах үйлс бүтээгчид болох ерөөлийг дэвшүүлье. Та энэ үдшийг үлгэрийн мэт сайхнаар өнгөрүүлээрэй.

Ариг Банкны хамт олон


Ивээн тэтгэгч:

www.tuguldur.foundation

Төгөлдөр сан

Төгөлдөр сан нь нийгэм, соёл урлагийн салбарт тулгарч буй асуудлыг дэвшүүлсэн олон төсөл, хөтөлбөрт бүтээлч хамтын ажиллагааг өрнүүлэн, бодит хөрөнгө оруулалт хийж ирсэн.

Өнгөрсөн хугацаанд бид урлагаар дамжуулан улс орны ирээдүй, дархлаа болсон залуу үеийнхний урлагийн боловсролыг дээшлүүлэх, соёл өвийг хадгалж хамгаалах, сонгодог болон тайз дэлгэцийн урлагийг хөгжүүлэхэд чиглэсэн олон төсөл, хөтөлбөрт өөрийн хувь нэмрийг оруулсан. Сонгодог урлагийн чиглэлээр “Нойрсож буй гүнж”, “Щелкунчик”, “Спартак”, “Жизель”, “Балетын үдэш”, Ф.Шопен ба 21-р зуун, Viva L’Opera зэрэг төслүүдийг дэмжиж ажилласан билээ.

Энэ удаа хүүхэд багачуудын хүсэл мөрөөдөл, зүрх сэтгэлийн дуулал болсон гайхамшигт “Үнсгэлжин” зохиолоос сэдэвлэсэн “Үнсгэлжин” бүжгэн жүжгийг ивээн тэтгэж, дахин тайзнаа толилуулах боломжийг олгож байгаадаа баяртай байна.


Ерөнхий зохион байгуулагч:

www.artscouncil.mn

Монголын Урлагийн Зөвлөл

Монголын Урлагийн Зөвлөл нь шинэлэг чанартай уран бүтээл туурвих, соёл урлагийн салбарт бүтээлч хамтын ажиллагааг өрнүүлэх, уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд “Үнсгэлжин” сонгодог бүжгэн жүжгийг Та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна.

“Үнсгэлжин” сонгодог бүжгийг Монголын тайзнаа дахин тависнаар хүүхдэд зориулсан сонгодог урлагийн урын театрын санг шинэ уран бүтээлээр нэмэгдүүлэх, мэргэжлийн уран бүтээлчдийн залгамж халааг бэлтгэх, үзэгчдийн урлагийн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах өндөр ач холбогдолтой юм.

Ийнхүү дэлхийд алдартай бүжгэн жүжгийг олон нийтэд өргөнөөр хүргэхэд ивээн тэтгэсэн Ариг Банк, Төгөлдөр сан, хамтран зохион байгуулсан “UB Ballet” сургалтын төв, Хөгжим Бүжгийн Коллежийн хамт олонд талархал илэрхийлье!


Ерөнхий зохион байгуулагч:

“UB Ballet” сургалтын төв

“UB Ballet” сургалтын төв нь Монголын мэргэжлийн балетын бүжигчдийг бэлтгэх зорилгоор 2007 онд байгуулагдсан анхны хувийн сургалтын төв юм. Байгуулагдсанаас хойш “UB Ballet” сургалтын төвийн сурагчид “Хунт нуур”, “Шелкунчик”, “Нойрсож буй гүнж” зэрэг бүжгийн жүжгүүдэд туслах болон гоцлол дүрүүдийг бүтээж ирсэн болно.

Тус сургалтын төвийн сурагчид 2012 онд АНУ-ын Стерлинг Балет Академид мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдан, ур чадвараа дээшлүүлсэн.

“UB Ballet” сургалтын төв нь мэргэжлийн балетын анги хичээллүүлэхээс гадна, хүүхдийн балет, насанд хүрэгчдийн балет, модерн, жазз бүжгийн сургалт явуулдаг. Тус төвийн хичээлийг МУГЖ Х.Гэрэлчимэг, МУГЖ Ч.Ганчимэг, МУГЖ Х.Баярмагнай, СТА Ш.Оюунтуяа, СТА С.Ганбат нар мэргэжлийн өндөр түвшинд удирдан явуулдаг болно.


Хамтран зохион байгуулагч:

www.mongolianmusiccollege.mn

Монгол улсын төрийн шагналт, ардын жүжигчин

С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж

Монгол улсын төрийн шагналт, ардын жүжигчин С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж (ХБК) 1937 онд Төв театрын дэргэдэх “Уран сайхны сургууль” нэртэйгээр байгуулагдсан түүхтэй.

ХБК нь төгөлдөр хуур, утсан хөгжим, үлээвэр, цохивор хөгжим, үндэсний хөгжим, дуулаач, хөгжмийн онол, ардын болон сонгодог бүжиг, циркийн урлагийн 30 гаруй нарийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд бэлтгэсэн 7500 гаруй мэргэжлийн боловсон хүчин Монгол улсын ардын болоод сонгодог урлагийг олон улсын түвшинд хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж ирснийг бахархан тэмдэглэж болно. Өнөөдөр ХБК-д мэргэжлийн болоод ерөнхий эрдмийн 200 гаруй чадварлаг эрдэмтэн багш нар 1000 гаруй оюутан сурагчдад урлагийн нарийн мэргэжил олгох сургалт явуулж байна.


“Үнсгэлжин” бүжгэн жүжгийн тайлбар

Хоёр бүлэг, таван үзэгдэлт балет

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нэгдүгээр үзэгдэл

Үзэсгэлэн төгөлдөр, уян зөөлөн сэтгэлтэй Үнсгэлжин охин эцэг болон хорон муу санаатай хойд эх түүний 2 охинтой амьдран суудаг байжээ. Хойд эхийн 2 охин ааш зан муутай, эрх танхи өссөн тул үргэлжид Үнсгэлжин охиныг дээрэлхэж үгийн муугаар хэлж, загнаж шоовдорлоно. Нэгэн өдөр Үнсгэлжин охин бүх л өдрийн адилаар гэр орноо цэвэрлэж байтал ядарсан нэгэн эмгэн гуйлга гуйн цонхоор шагайна. Охин түүнийг өрөвдөн гэртээ оруулан дулаацуулаад, байсан талхаа өгөөд явуулна. Үүнийг мэдсэн 2 эгч нь хэрүүл шуугиан тарих ба энэ үеэр ордноос Ханхүүгийн үдэшлэгт урьсан захиа ирнэ. Ханхүүгийн үдэшлэгт уригдсан охид баяр хөөр болон явах бэлтгэлээ хийж эхэлнэ. Харин хорон санаат хойд эх нь Үнсгэлжин охиныг авч явсангүй. Харин ч харанхуй өрөөнд цоожлон үлдээв. Хөөрхий охин гуниглан сууж байтал гуйлга гуйж ирсэн нөгөө эмгэн шидэт дагины дүрээр хаалга онгойлгон орж ирээд Үнсгэлжин охинд шидэт болор шаахайг хувцасны хамт бэлэглэж, ордны үдэшлэгт явуулах ба шөнө дундаас өмнө буцаж ирэхийг сануулна.

Хоёрдугаар бүлэг

Хоёрдугаар үзэгдэл

Тансаг том ордонд орон орны зочид уригдан ирсэн байх ба бүгд өөр өөрийн бүжгээр Ханхүүд мэндчилнэ. Үдэшлэгийн дунд хэсэгт Үнсгэлжин охин хоцрон ирэхэд гоё ганган хувцасласан үзэсгэлэнт охиныг хүмүүс үл танина. Ханхүү Үнсгэлжин хоёр харц тулгарч, хайрын харцаар ширтэлцэн удтал бүжиглэсний дараа үдэшлэгийг орхин гарна. Үзэсгэлэнт охин шөнө дунд болсныг мартжээ. Гэнэт цаг зогсон бүгд хөшөө болж, Үнсгэлжин охин ордныг орхин явна. Харин тэр өрөөсөн шаахайгаа үлдээсэн байв.

Гуравдугаар үзэгдэл

Шаахайг олсон Ханхүү өрөөсөн шаахай таарах үзэсгэлэнт бүсгүйн эрэлд гарна. Цаг хугацаа өнгөрөвч ханхүү хайрт бүсгүйгээ үл шантран хайсаар байна.

Дөрөвдүгээр үзэгдэл

Ийнхүү Ханхүү хааны зараал дагуулуудын хамт өрөөсөн шаахайн эзнийг хайж явсаар хойд эх болон ааш муутай 2 охины гэрт нь очно. 2 эгч шаахайг өмсөх гэж оролдсон ч таарсангүй. Чимээ шуугианд цочирдсон Үнсгэлжин охин өөрт байсан шаахайны өрөөсөнг санаандгүй унагаахад Ханхүү түүнийг олж харан хайрт бүсгүйгээ мөн болохыг танина.

Тавдугаар үзэгдэл

Ингээд Ханхүү сайхан сэтгэлт Үнсгэлжин охин хоёр хурим найраа хийн аз жаргалтай амьдарна.


“Үнсгэлжин” бүжгэн жүжгийн уран бүтээлчдийн баг:

Хөгжмийн зохиолч: Сергей Прокофьев

Бүжиг дэглээч: Э.Долгормаа

Туслах найруулагч: Х.Гэрэлчимэг, МУГЖ

Ш.Оюунтуяа, СТА

Х.Мөнгөнхөлөг, СТА

Хувцасны зураач: Г.Оюун, СТА

Тайзны зураач: Г.Ганбаатар, СТА

Дууны техникч: Д.Баатар, СТА


Бүжгийн багш нар:

Н.Энхтуяа, МУГЗ

Х.Гэрэлчимэг , МУГЖ

Ч.Ганчимэг, МУГЖ

Ш.Оюунтуяа, СТА

Х.Мөнгөнхөлөг, СТА

С.Ганбат, СТА


“Үнсгэлжин” бүжгэн жүжгийн дүрүүд болон гоцлол бүжигчид:

Үнсгэлжин: Ч.Дүүрэнжаргал, ХБК

И.Саруул, UB Ballet

Ханхүү: А.Бэлгүдэй, UB Ballet

Д.Нацагдорж, ХБК

Шидэт дагина: Ч.Ганчимэг, МУГЖ, UB Ballet багш

Хойд ээж: Ч.Сэсээрхүү, Түмэн Эх чуулга

Ууртай эгч : Э.Анима, UB Ballet

Ш.Номин-Эрдэнэ, ХБК

Аальгүй эгч: Б.Тэнүүн, UB Ballet

Ч.Чинсэтгэл, ХБК

Хаан: Ц.Төмөрсүх, СТА

Хааны элч: С.Санчир, ХБК

Аав: С.Ганбат, UB Ballet багш

Дагина: Б.Батчимэг, ХБК

Г.Маргад-Эрдэнэ, ХБК

Ш.Ундрал, ХБК

Н.Цэлмэгмандах, ХБК

Испани бүжиг: Б.Анужин, UB Ballet

А.Бэлгүдэй, UB Ballet

Д.Нацагдорж, ХБК

Араб бүжиг: Х.Гантулга, ХБК

Б.Энхчимэг, ХБК


ХБК-ийн балетын ангийн оюутан сурагчид:

Б.Батчимэг

О.Даваадорж

Б.Дөлгөөн

Б.Марал

Г.Маргад-Эрдэнэ

М.Нандинцэцэг

П.Түвшинзаяа

А.Тэмүүлэн

Э.Уянга

Э.Хандмаа

О.Хатанбаатар

Б.Хувьтөгөлдөр